ГАДААД ХАРИЛЦАА УЭДС

Лондонгийн Хувцасны дизайны дээд сургууль, Сөүлийн Дизайны Эсмод коллеж, Францын загварын үйлдвэрлэлийн дээд сургуультай хамтран ажилладаг бөгөөд тэргүүний оюутан төгсөгчид АНУ, Япон, Солонгос, Франц, Швед, Герман улсад ажиллан суралцаж байна.

Тус сургуулийн GT Загварын товчооны дизайнерууд Англи, Герман, Солонгос, Орос, Хятад, Япон улсуудад уран бүтээлээ толилуулсан бөгөөд тэргүүлэх дизайнер Э.Энхчимэг "Талын чимэг" коллекцоо Fashion TV-д бичүүлж, Комацугийн хувцас загварын олон улсын уралдааны Шилдэг дизайнерийн шагналыг хүртэн, Германд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Түүнчлэн УЭДС-ийн үйл ажиллагааг Германы телевиз зураглан авч нэвтрүүлэг хийн Шенгений 12 оронд цацсан бол Японы NHK телевиз мөн нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд загварын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг 1500 компанийн үзэсгэлэнд оролцохоор монголоос ганцаараа Лондон хотноо уригдан уран бүтээлээ толилуулсан нь өөрийгөө харуулж, бусдаас суралцах сайхан боломж боллоо. Мөн Лондон хотноо Загварын 7 хоногийн үзүүлбэрийн хүрээнд гоёлын платьены үзүүлбэр хийсэн нь нэр төрийн хэрэг болсон билээ.

Тус сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх, дизайнеруудын бүтээлийг олон улсад сурталчлах, мэргэжлийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх үйлст УЭДС-ийн Хүндэт докторууд болох Францын Элса Шашкин, Тайваний Ан Цун Хуан, Сингапурийн Даниел Ван нар чухал хувь нэмрээ оруулж байна.