1. GT ЗАГВАРЫН ТОВЧОО

УЭДС-ийн GT Загварын товчоо 1996 онд байгуулагдсан бөгөөд ГОЁЛ-2000, ГОЁЛ-2002 наадмуудаас ШИЛДЭГ ЗАГВАРЫН ТОВЧОО-гоор шалгарч, ЗАГВАРЫН ТОВЧООНЫ ШИЛДЭГ ДАРГЫН шагналыг ГОЁЛ-97, ГОЁЛ-2001 наадмаас тус тус хүртсэн юм. 2003 онд УЭДС байгуулагдсаны 10 жилийн ойгоор дэлхийн соёлт орнуудын жишгээр ULAANBAATAR FASHION WEEK анхлан зохиож Загварын товчооны шилдэг дизайнеруудынхаа бүрэн хэмжээний коллекцуудыг толилуулсан билээ. Жилдээ 1400-1600 нэгж загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 430 гаруй тогтмол үйлчлүүлэгчид болон TV, продакшнууд, сонгодог болон рок, попын тайз урлагийн оддын концерт, клипенд зориулан дахин давтагдашгүй загварын шинэлэг бүтээлүүдээр үйлчилж байна.

УЭДС-ийн GT Загварын Товчоо болон интерьерийн CLASSIC STUDIO, чимэглэлийн ENJOY салоны дизайнерууд шинэлэг загварын судалгааг гардан явуулж жил бүр 460-900 гаруй шинэ загварын бүтээлийн эх зураг гаргаж бодитоор гүйцэтгэж туршдаг.

Мэргэжлийн уралдаан наадамд тогтмол оролцож Гран при, Шилдэг загвар зохион бүтээх товчооны шагнал цөөнгүй хүртсэн бөгөөд 2001 оноос бие даасан загварын үзүүлбэр, үзэсгэлэн зохиох, мөн олон улсын хэмжээний арга хэмжээнүүдэд амжилттай оролцох болсон юм. Эдгээрийн дотор ULAANBAATAR FASHION WEEK, SUMMER FASHION WEEK онцгой байр суурь эзлэнэ. Манай сургуулийн сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоо, нэр нүүрийг нийгэмд тод томруун харуулдаг, загварын урлагийг сонирхож шимтэн үздэг өөрийн фенүүдтэй болж чадсан эдгээр том арга хэмжээнүүдийг амжилттай зохион явуулах нь УЭДС-ийн нэр төрийн хэрэг байдаг юм.