УЭДС нь сургалт-уран бүтээл-уйлдвэрлэлийн гурвал холбоон дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний үр дүнд жилдээ 1600 гаруй нэгж загварын бүтээлийг үйлдвэрлэн гаргаж, олсон орлогоороо сургалтын процессыг дэмжиж байна.

Тийм ч учраас загварын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр бусад ижил чиглэлийн сургууль, үйлдвэр, загварын бүх байгууллагыг зүй ёсоор тэргүүлдэг. Энэхүү процесст Урлах Эрдмийн GT Загварын товчоо, оёдлын цех болон гутал, арьсан эдлэлийн мастерын газар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энд ихэвчлэн тус сургуулийн төгсөгчид шилэгдэн орж ажилладаг бөгөөд манай гайхамшигт дизайнеруудын гаргасан санааг цорын ганц хувь урлан бүтээх онцгой үүрэг тэдэнд ноогддог юм.

Орчин үед загварын бүтээлийг анхдагчаар авч хэрэглэнэ гэдэг асар том соёл гэдгийг улам бүр ойлгох болж, ялангуяа манай Загварын товчооны байнгын үйлчлүүлэгчид болох монголын тайз урлагийн одод, түүнчлэн цөөнгүй гадаадын захиалагчид бидэнд итгэж үйлчлүүлсээр ирсэн билээ. Урлах Эрдмийн GT Загварын товчооны үйлчлүүлэгчдийн дотор жирийн иргэнээс Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл олон зуун хүн байдаг.

Монголын орчин үеийн сонгодог, рок поп урлагийн одууд манай загварын товчооны үйлчлүүлэгч болж, тэдэнд зөвхөн өмсөх хувцас урлах төдий бус тайзны стильт дүр төрхийг цогцоор нь тодорхойлж өгөх, бүхэл бүтэн концерт, клипэн дээр ажиллах урлагт бид суралцаж байна. Энэ чиглэлд хийгдсэн хамгийн сүүлийн томоохон ажлууд бол дуучин Наран, дуурийн дуучин Эрдэнэтуяа, Уянга, Наранчимэг болон ХАРАНГА, КИВИ хамтлагийн концерт, уртын 3 дуучны ШУРАНХАЙ тоглолтууд бөгөөд бид тайзны дүр төрх дээр нь ажилласан КИВИ, ГУРВАН ОХИН хамтлагууд он дараалан Шилдэг стиль дүр төрхийн нэр хүндтэй шагналын эзэн болоод байна.

Манай интерьерийн дизайнерууд Боловсрол телевиз, MILD shop, Голомт банкны зэрэг интерьерийн томоохон төслүүд дээр амжилттай ажиллаж оюутнуудыг эзэмшиж буй мэргэжлийн онцлогтой нь бага курсээс танилцуулж, үйлдвэрлэл эрхлэх туршлага суулгаж, мөнгө олох аргад сургаж байна. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн дадлагаар олж авсан ур чадвартаа тулгуурлан өвөл, зуны амралтаар захиалга авч гүйцэтгэн сургалтын төлбөрөө өөрсдөө төлсөн оюутны тоо улам бүр нэмэгдсээр байна.